
Хүрээ Фестиваль 2019
“Хүрээ” МХТДС-иас жил бүрийн намрын семестрт зохион байгуулдаг “Huree Festival” урлагийн наадам энэ жил 11 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.Тэнхимүүд жил ирэх тусам туршлагажиж өмнөх жилүүдийнхээс илүү сонирхолтой, чанартай үзүүлбэрүүдийг үзүүлсээр байна.
“Хүрээ” МХТДС-ийн 11 дэх удаагийн “Хүрээ Фестиваль” урлагийн наадам нь 2019 оны 09-р сарын 27,28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадмын эхний өдөр тэнхим бүр тус тусын онцлогийг харуулсан мэндчилгээг үзүүлж, тэнхимийн нэрэмжит хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулан өндөрлөсөн бол дараах өдөр урлагийн наадамдаа ч мөн нөхөрсгөөр өрсөлдлөө. Энэ жил оюутнууд маань Үндэсний урлаг,Гоцлол дуу, Цэнгээнт бүжиг, Хамтлаг дуу, Чөлөөт үзүүлбэр, Яг түүн шиг, Чөлөөт бүжиг гэсэн урлагийн 7 төрөлд өөрсдийн авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Энэ жилийн “Хүрээ Фестиваль 2019” наадмын маань хамгийн гал гарсан хэсэг “Чөлөөт бүжгийн” төрөл байлаа. Энэ төрөлд тэнхимүүд урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй, хүчтэй үзүүлбэрийг үзүүлж эн тэнцүүхэн өрсөлдсөн юм. Наадмын маань шүүгчээр Дуучин Хонгор, Маск продакшны жүжигчин Бямбадорж ,бүжигчин Жавхаа нар ажиллаж тэмцээнийг шүүн тус тусын байрыг шалгарууллаа.
Төрөл | 1-р байр | 2-р байр | 3-р байр |
Үндэсний урлаг | IC | ER | FN/FB |
Гоцлол дуу | MM | ER | KL |
Цэнгээнт бүжиг | KL | MM | ER |
Хамтлаг дуу | KL | MM | ER |
Чөлөөт үзүүлбэр | MM | CS | IC |
Яг түүн шиг | MM | KL | EL |
Чөлөөт бүжиг | MM | CS | KL |
Үүний дараагаар бидний хүсэн хүлээсэн тэмцээний үр дүнг зарлаж шилдгийн шилдэг тэнхимээр Мульти Медиа /MM/ тэнхим 3 дахь жилдээ тодорчээ. Удаах байранд Солонгос хэл /KL/ тэнхим шалгарч, 3-р байранд Сэргээгдэх эрчим хүч /ER/ тэнхим нь мөн 3 дахь жилдээ шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлсээр шагнагдлаа. Богино хугацаанд амжилттай бэлдэж,нэг хамт олон болон нэгдэж гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлсэн нийт оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүсье. Ирэх жилийн наадмаар илүү гайхалтай зүйлс үзүүлнэ гэж найдаж байна.