Компьютерийн шинжлэх ухааны тэнхим
Тэнхимийн тухай
Төгсөлтийн дараах ажлын байр
Тэнхимийн тухай
Хүрээ МХТДС-ийн ууган тэнхимүүдийн нэг болох Компьютерийн програм хангамжийн тэнхим нь анх 2002 онд 30 оюутан 3 багштайгаар гараагаа эхэлсэн бол өнөөдөр тус сургуулийн шилдэг тэнхимүүдийн нэг болсон ба сайн чадвартай програмистууд төрөн гаргасаар байна.
Тус тэнхимийн гол зорилго нь компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх гаргах бөгөөд энэхүү зорилгын хүрээнд оюутнуудад тухайн мэргэжлийн үндсэн гол сэдвүүдийг онол практик хослуулан анхан шатнаас эхлэн гүнзгийрсэн түвшинд хүртэл судлах боломжийг олгоно. Энэхүү мэргэжлээр суралцсанаар төрөл бүрийн програм хангамжийн хөгжүүлэлт (десктоп, вэбэд суурилсан, гар утасны програм), компьютер график дизайн, 2D болон 3D тоглоомын програмчлал хийх чадвартай мэргэжилтэн болон төгсөнө. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үе хүмүүс бидний амьдралд хүчтэйгээр нэвтэрч хэрэглэгдэж эхэлж байгаа учир манай тэнхим оюутнууддаа хиймэл оюун ухаан, блокчэйн технологийн хичээлүүдийг сууриас нь эхлэн зааж эдгээр технологийг ашиглан бодит амьдралд тулгарах асуудлыг шийдэх, код бичих ур чадвартай програм хөгжүүлэгч болгохоор хичээлийн хөтөлбөрүүдээ шинэчлэн зааж байна.
4 жилийн хугацаанд үзэх хичээлүүдийн ерөнхий тойм:
1. Програмын хэлний технологиуд: Python, C, C++, JAVA, C#
2. Веб Програмчлал: HTML5, CSS3, Javascript, Database, MySQL, PHP7, Laravel, React
3. Мобайл Програмчлал: Android App development, React Native, Flutter App dev
4. Хиймэл оюун ухаан: Machine learning (Машин сургалт), Computer vision, Blockchain
5. Компьютерийн аюулгүй байдал, хамгаалалт: Интернэт сүлжээ, Cryptography, Мэдээлэл аюулгүй байдал
Төгсөлтийн дараах ажлын байр
Төгсөгчид сүлжээний админ, веб, десктоп, гар утасны программ зохиогч, программчлалын багш, тоглоомын программ зохиогч, мэдээлэл технологийн судлаач гэх мэт ажлуудыг хийх боломжтой бөгөөд цаашид үргэлжлүүлэн дотоод гадаадын Их дээд сургуулиудын магистрантурт Virtual reality, веб хөгжүүлэлт, өгөгдлийн сан ба Эксперт систем, хэл шинжлэл(natural language processing), компьютерийн сүлжээ, мэдээллийн хамгаалалт (information security), компьютийн техник хангамж, робот хөгжүүлэлт(robotics) гэх мэтчилэн чиглэлүүдээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой.
Төгсөгчдийн 80 орчим хувь нь мэргэжлээрээ Монгол улсын мэдээлэл харилцаа, холбоо, программчлалын томоохон компаниуд болох Mobicom, Skytel, Unitel, G-Mobile, Цахилгаан холбоо, Interactive, Interactive BI, Datacom компани болон банк (Голомт, ХХБ, Хаан банк, Төрийн банк гэх мэт), уул уурхайн компаниудад (Оюу Толгой, Таван толгой, МАК гэх мэт) ажиллахаас гадна мэргэжлийн дагуу их дээд сургуулиудад хичээл зааж байна. Үлдсэн 20 орчим хувь нь мэргэжлээ дээшлүүлэн магистрантурт Монгол, БНСУ, АНУ-ын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж байна.
Software Engineering
Байшин барилга барихаас өгсүүлээд уул уурхай, техник тоног төхөөрөмж угсрахад асуудлыг шийдэх инженер хүний сэтгэлгээ ур чадвар их хэрэгцээтэй. Манай тэнхим программ хангамжийн хэл, технологийг заахаас гадна хэрхэн программ системийг эхнээс нь инженерчлэл хийн бүтээх, төлөвлөх, төслийн удирдлагын ур чадвар эзэмшүүлэх software engineering хичээлүүд ордог. Энэхүү хичээлээр 2-5 оюутнууд баг болж программ систем бүтээж төсөл курсийн ажил хийдэг. Ингэснээр ажил дээр гарахад багаар ажиллах, нийгэмд тулгарах асуудлыг IT программ хангамжийн технологиор шийдэх бодит практик ур чадварыг эзэмшдэг.
Artificial intelligence
Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд хамгийн их өөрчлөлт, үр нөлөөг авчрах гол технологи нь Хиймэл оюун ухаан билээ. Манай тэнхим оюутнуудад Python программын хэлийг 1-р курсээс нь зааж 3, 4-р курсээс Хиймэл Оюун Ухаан, Машин Сургалт, Deep Learning технологийн хичээлүүдийг үргэлжлүүлэн Python дээр тулгуурлан үзэж оюутнууд зураг бичлэг видео таних, үүсгэх, эх хэл боловсруулалт, орчуулга хийх … гэх мэт хүний хийдэг зарим оюуны ажлуудыг хиймэл оюун ухаан дээр сонирхолтой код программ бичиж хөнгөвчлөх ур чадварыг эзэмшинэ. Цаашдаа оюутнууд А.I ML инженер, судлаач болох, big data, data science, data analyst гэх мэт чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахад чухал үндэс суурь болж байгаагаараа манай тэнхимийн зааж байгаа эдгээр хичээлүүд чухал ач холбогдолтой.
Blockchain
Орчин цагт биткойн, крипто валют, цахим мөнгөний талаар дуулаагүй хүн байхгүй байхаа. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд ялангуяа санхүүгийн секторт том хувьсгал авчрах, үр нөлөө нь нийгэмд хэдийнээ мэдрэгдээд эхэлсэн блокчейн технологийн хичээлийг манай тэнхимд урилгаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Ph.D зэрэг цолтой гадаад багш нар зааж байна. Дан онолын хичээл үзэхээс гадна оюутан бүр Python программын хэл дээр блокчэйн технологи хөгжүүлэх пайтон код бичиж хэрхэн биткойнтой адилхан cryptocurrency үүсгэх талаар сонирхолтой практик ур чадварыг авах болно. Дэлхий дахинд Эстони улсаас авхуулаад Блокчэйн технологи дан мөнгө санхүүгээс гадна улс төр сонгуулийн үр дүн, оюутны диплом, шалгалтын дүн баталгаажуулалт, иргэдийн хувийн мэдээлэл нууцлал, эмнэлэг эрүүл мэндийн бүртгэл, өвчтөний түүх гээд бүхий л мэдээллийн аюулгүй байдал, баталгаажуулалтад өргөнөөр хэрэглэгдэж эхэлж байна. Манай Монгол улсын хувьд одоогоор Ард Койн, Их засаг ОУИС оюутнуудын дипломын мэдээллийг блокчэйн технологи дээр тулгуурлан хэрэглэгдэж эхэлж байгаа нь цаашдаа ирээдүйд бүхий л салбарт энэхүү блокчэйн технологи хэрэглэгдэх учир энэ хичээлийг сурснаар их ач холбогдолтой болох юм.